2009-05-28

Хүүхдийн баярын мэнд хүргье!


Сайн байцгаана уу? Намайг С.Жавхлантөгс гэдэг. Та бүхэндээ олон улсын хүүхдийн баярын мэнд хүргье!

Юуны өмнө өөрийгөө танилцуулая. Би 2007 оны 7-р сарын 17-нд төрсөн. 2,3 кг жинтэй, 45 см урттай байв. Би ихэр байсан боловч одоо ганцаараа байгаа. Миний ээж, аав ээжийнхээ талаас 2уулангаас нь ихрийн удамтай юм гэсэн. Тэгээд би ихэр төрсийн. Ер нь манайхан ихрийн удамтай шүү гэдгийг ирээдүйн уншигч нарт мэдүүлэх гээд энэ талаар бичлээ. Би Бадарчийн бага охин Лхагвасүрэнгийн том охин Бямбасүрэнгийн том хүү нь байна. :) Манай аавыг Сайнсүрэн, өвөөг Энхтүвшин гэдэг. Би одоо ирэх 7 сард 3 нас хүрнэ. Өдий болтол эмээ, өвөө, аав, ээж, 2 ахынхаа гар дээр хүмүүжлээ. Одоо ирэх намраас намайг цэцэрлэгт оруулна гэж аав ээж ярьж байхыг би сонссон. Тэгэхээр би цэцэрлэгийн сурагч болно, гоё доо.
Би олон дуу шүлэг мэднэ. Дуунаас гэвэл: Бороо, Тогоруу янзын хүүхэлдэй, Ээжийн чанасан цай. Шүлэг гэвэл: Унага, Болжмор.
Бас би цаг агаарын /цэнхэр залаа/ аян дээр бүжиглэх дуртай. Тэгээд гэрийнхэнийгээ бүгдийг нь цуглуулаад бүгдийг нь бүжиглүүлдэг юм. Тэгвэл их гоё ш дээ. Бүгдээрээ бүжиглээл :)

Нээрээ намайг төрсөн жил манайхны маш олон хүүхэд төрсөн гэсэн. Хамгийн том нь Гүнбат ах, дараагийх нь Төрбаясах ах, тэгээд би, дараа нь Дөлгөөн-Агь, Хан-Эрдэнэ. Гэхдээ Ханка, Дөлгөөн 2н хэн нь эхэлж төрснийг ээж санадаггүй ээ. Бүгдээрээ нохой жилтэй, бүгдээрээ эрэгтэй хэхэ. Би яг дунд нь төрсөн байгааз.
Бас нэг чухал юм мартах шахлаа. Миний ник нэрийг Бабу гэдэг юм. Өвөө анх бамбруушин хүү гэдэг байгаад бамбуушин хүү болоод тэр нь бабуушин хүү болсон гэсэн. Тэгээд бүүр сүүлдээ Бабу болсон. Ээж заримдаа намайг янз бүрээр дууднөө. Бамбу, Бумбгар, Бумбу, Бумбууш гээл амандаа орсноор дууддыш дээ.
За би дараа та нарт сурсан мэдснээ зөндөө бичиж оруулнаа. Түр баяртай.

2009-05-22

Сайн байцгаана уу? Манайхаан.


Сайн байцгаана уу? Манайхаан.

Өөр өөрсдийнхөө зам жимээр завгүйхэн гүйлдээд энд цуглаж уулзацгаахгүй л байнаа даа тиймээ.
Мийгаа нь шалгалтуудаа өгөөд одоо амралт эхэлчихсэн байна. Одоо хэдүүлээ нийлээд Гагнаас даа жаал юм нэмцгээе.

2009-03-08

Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!

Сайн байцгаана уу МАНАЙХААН!

Та бүхэндээ энэ сайхан тэмдэглэлт өдрийн баярын мэндийг Сан Франсиско хотоос Болдоо Мина 2 хургэж байна.

Гишгэсэн газраасаа цэцэг ургуулсан
Гэгээн оюунаараа орчлонг гийгүүлсэн
Хан хорвоогийн нар нь болсон
Хацар гоо бүсгүйчүүддээ
Саруул орчлонг бүүвэйн дуугаараа уярааж
Сэтгэл булаам инээмсэглэлээрээ чимж яваарай гэж ерөөе!

2009-03-05

Б.Чинбат

1951 оны 11 сарын 11-ний өдөр ард Бадарчийн ууган хүү болон мэндэлсэн. Туулай жилтэй. 1959 онд аймгийн төвийн 8 жилийн сургуульд элсч анхны 7-р ангийн төгсөгчдийн нэг болсон тэрээр 7-р ангиа төгсөөд тэр үеийн ЗСБНХУ-ын Фрунзе хотод сантехникийн техникумд элсч, 1971 онд төгсч ирсэн. Нэг жил мэргэжлээрээ ажиллаад 1972 онд цэргийн албанд мордож, 105-р ангид 3 жилийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Худалдаа бэлтгэлийн трестийн даргын жолоочоор ажиллаж байгаад 1975 онд Х.Янжмаатай гэр бүл болсон байна. 1978 онд охин Ч.Долгоржав, 1980 онд хүү Ч.Хүдэрчулуун төрсөн. 
1980-аад оноос Авто тээврийн 7-р баазад жолооч болсон. Газ-53 машин барьж сумдад шуудан хүргэдэг ажлыг тасралтгүй ... жил хийгээд 1989 онд хүн тээврийн автобусны жолооч болсон байна. 10 гаруй жил шуудан хүргэлт, сумдын болон хот хоорондын зорчигч тээврийн ажлыг гүйцэтгэж ирсэн. 
2000 оны 2-р сарын 9нд 49 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

2009-02-25

Сар шинийн мэнд дэвшүүлье!


Тэнгэрийн өнгөт цэнхэр хадгаа дэлгэн барьдаг Монгол ёс
Тэртээ холын ахан дүүстэйгээ уулзан золгодог Монгол ёс
Идээ будаагаа бялхаан билэгддэг Монгол ёс
Ихэс дээдсээ хүндлэн дээдэлдэг Монгол ёс

Хамгаас хайртай та бүхэндээ 17-р жарны Харшлагч хэмээх шороон ҮХЭР жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

2009-02-24

Цагаан сар

Шинэ жил гарах гэж байна. Одоо ердөө л 9 цаг 04 минут үлдсэн байна.
Өнгөрөн одож буй хулгана жил бидний дундаас нэгийг маань авч одоод бас нэг хүн шинээр илгээсэн, уйтгар гуниг, баяр хөөр дагуулсан жил байлаа.
Хүн болгон л шинэ он, шинэ жилийн босгон дээр өнгөрсөн жилийнхээ тухай цэгнэн боддог. Харин миний хувьд магадгүй олон янзын үйл явдал болсон ч гэсэн хуучран буй жилийг бодоход зөвхөн энэ бодогдож байна. Ингээд бодохоор хүмүүний амьдралд хүн гээч ямар их эрхэм нандин зүйл вэ гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдож, аав ээжийгээ, ах дүүсээ, амраг садангаа, үр хүүхдээ юунаас ч илүү хайрлах хайр урьд урьдныхаас илүүтэйгээр зүрхэнд минь төрж байна.

Нэгэн хэсэг амьдарсан хугацаагаа дүгнэн бодож, өөрийн амьдралыг цэгнэн амьдар гэж өвөг дээдэс маань шинэ жилийг утгах цагаан сар хэмээх баярыг зохиосон юм болов уу даа.

Та нартаа харшлалт хэмээх шороон үхэр жилийн сар шинийн мэнд хүргье!
Ирж буй шинэ жилдээ аз жаргал инээд хөөрөөр дүүрэн байж, бие биеэ хайрлах хайрын цэнхэр орчлонд омог бардам амьдарцгаагаарай гэж ерөөе!

2009-02-23

Тэмдэглэл

Би бага байсан даа тэгэхэд... 5-р ангид л байсан санагдаж байна. 4 ч билүү. Ангийнхнаа дагуулаад нэг өдөр буурал аавынхыг зорилоо. Би тэгэхэд бүлгийн дарга байсан бөгөөд бүлгийн ажлаараа өвөөгийнхөө байлдаж явсан тухай ангийнхандаа сонсгох, бас бага зэрэг бахархаж бардамнах гэж тэр л дээ. Тэр үед буурал аав, ээж 2 аймгийн төвийн урд дэрсэнд өвөлжөөндөө буучихсан байсан юм. 11-р сар байсан санагдаж байна. Бүлгийн ажлаар ийм зүйл хийж болох уу гэхэд Пионерийн ахлах удирдагч байсан Цэвгээ багш "Болно болно" гэж их л уриалгахан хүлээж авсансан.

Ингээд "явган аялал" эхэлсэн юм. Мэдээж бүгд биш ч нэлээн хэдэн хүүхэд л явсан юмдаг. 10 цагт цуглаад, нэг нэг төгрөг нийлүүлснээрээ дэлгүүрээс талх энэ тэрхэн олж аваад л алхаж гарсан даа. Мэдээж зугаатай өдрийг өнгөрөөж байгаа хүмүүс сайхан байлгүй яахав. Есөнбулагийн хорооны дундуур гараад, ус цэвэршүүлдэг бидний нэрлэдгээр Өмхий нуурын даланг даваад тэгсгээд л олуулаа юухан байх билээ дээ, шуугиж бужигнаад л орчихсон юмдаг.
Яг биднийг очих үед гэрээс зүүн урдхан нь байдаг жижигхэн толгой дээгүүр буурал ээж маань малаа туугаад гарч байсан юмдаг. Тэр өдөр ядаж байхад хонины ээлж таарч л дээ. Буурал ээж явган хонио туугаад, Харцага гэдэг байсан санагдаж байна, нэг сагсгар хар нохой хонины араас армаг тармаг цастай толгой руу гарч байсан нь одоо ч нүдэнд минь харагдаж байна.
Гэрт ортол буурал аав ганцаараа сууж байсансан. Тэгэхэд бие нь нэг л их сайнгүй байсан санагдаад байдаг юм. Сайн санахгүй байгаа ч тэр цаг хугацааг тоолбол нас барахынх нь өмнөх өвөл л байсан байх. 1988 оны 11 сар санагдах юм. Тэгэхээр би 4-р ангид байсан байх нь...
Ирсэн учраа хэлж, боов талхаа өгөөд бид сууцгаалаа. Зузаан ширмэн хайруулын тавганд барьсан талх зүсч тавиад, биднийг жаахан хүүхэд гэж гололгүй тойруулан суулгасан өвөө маань нэлээн зүйл ярихад бид амьсгаа даран чагнан суусансан. Би тэгэхэд их хурдан бас том хүн шиг бичдэг гэж ангийнхандаа үнэлэгддэг байсан болохоор, тэгээд ч ажил зохиож яваа "гол баатар" болохоор тэмдэглэл хийх гэж авч очсон 12 мөнгөний дэвтрийг дүүртэл улаан балаар сараачсан юмдаг. Харин тэр дэвтрийг хэчнээн эрээд ч дараа нь олоогүйдээ одоо болтол харамсдаг юм. Яаран сандран гүйцэд бичих гээд л том том сараачаад л байсан үсэгнүүд нь нүдэнд харагдаад хэд дахин хайсан ч олоогүй дээ.
Тэгэхэд буурал аав Жанчхүүгийн даваагаар даваад Хятад руу орсноо, тэнд хүмүүс ямар амьдарч байсан тухай, дайн гэж ямар аймшигтай зүйл байсан тухай... их л олныг ярьсан даа. Харин хамгийн тод үлдсэн нь "... Тэгэхэд Хятадад 3 жил хэлэн дээрээ мах тавиагүй хүн байсан шүү..." гэж ярихад нь бид бүгд тэр хүнийг юу ч идээгүй л юм байна гэж бодоод их гайхаж билээ. Гэтэл харин үнэн хэрэгтээ тэр бол дайны жилүүдэд будаанаас өөр гол зогоох юм олдохгүй байсан хүнд үеийг хэлсэн байж билээ.
Ингээд яриагаа дуусгасны дараа буурал аавынд хэдэн шуудай цас үүрч авчирч өгөх нэрээр цасан дээр тоглосоор байгаад цаг нэлээн аажуудсаныг анзаараагүй бид өдөр 1:30 цагийн хичээлд амжихгүй нь гэж яарцгаасан даа гэнэт. Харин биднийг гараад удаагүй байтал хажуу айлдаа ирсэн ачааны машиныг гуйгаад биднийг дайхаар буурал аав ярьчихсан араас дуудаж, ангийнхан маань тэнд дайгдаад, харин Сэржмядаг бид 2 уурлаж гомдож үлдэн замдаа Харзатын мөсөн дээр тоглоод тэр өдрийнхөө хичээлийг тасалчихсан юм. Уг нь тасалъя гээгүй л дээ. Мөс их гоё... Тэгээд мөсний талстаар тоглоод, дараа нь ангийнхандаа аваачиж өгнө гэж миний хувцсан дээр хэсгийг авч яваад, сүүлдээ ядраад даахгүй асгаад... Усны аж ахуй гэж байсны тэрүүгээр ороод л хойд толгой ортол алхаад харьж билээ. Анх удаа хичээлээ таслаад алхаж явахдаа зүрх түг түг гээд л, шууд хичээлдээ оччихмоор ч санагдаад, багшаас айгаад, цаг 4 болчихсон байсанд үнэмшиж чадахгүй бэргээд л... Маргааш нь самбарын өмнө гарч багшдаа донгодуулаад, ангийнхнаасаа ичээд...

ай хүүхэд нас минь... Одоо ч гэсэн нүдэнд ургаастай.

2009-02-22

Ш.Дуламжав

Манай буурал ээж Шарав овогтой Дуламжав үхэр жилтэй. Ах Ш.Насанцогт, дүү Ш.Төмөр нарын хамт ард Шаравын гэрт мэндэлсэн. Аав нь багад нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр ээж Баянгийн хамт одоогийн Говь-Алтай аймгийн төвөөс урагш Дөтийн даваа, түүнээс зүүн, баруун тийш Хантайширын нурууг дамнан амьдардаг байсан. Нагац ах нар нь Арын хүрээнд шавилан суудаг лам нар байгаад баригдаж хилсээр ял тулгагдан хэлмэгдсэн.
Д.Бадарчтай айл өрх тусгаарлан амьдарч байгаад 2002 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Үргэлжлэл бий

2009-02-21

Д.Бадарч

Бидний буурал аав Дамба овогтой Бадарч нь Халх голын болон Хятадыг чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн байсан билээ.
Тэрээр Шаравын Дуламжавтай гэр бүл болон 5 хүүхдийн эцэг эх болон сайхан амьдарч биднийг өсгөж хүмүүжүүлсэн билээ.
Үргэлжлэл бий

Сайн байцгаана уу? манайхаан! Өнөөдрөөс эхлэн би энд бичигчээр нэмэгдлээ. Миний бичсэн, оруулсан зүйлсийг идэвхитэй уншиж, зөвөлгөө өгч байгаарай.

2009-02-19

Төрсөн өдөр








(10 хоногийн дараа)
2006 оны 2-р сарын 19-ны өдөр Шинэ Жалайр Хүдэрчулууны Гүнбат Улаанбаатар хотын Багануур дүүргийн төрөхөд мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, хумхын орд.

2009-02-15

БАЯР ХҮРГЭЕ

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
Дашдоржийн Нацагдорж

Амьдрал аа гэж. Нээрээ л чөлөө завгүй гүйгээд л өдөр шөнийг умартан явах хооронд минь үй олон өөрчлөлт гарахын хамгийн том нь шинэ хүнээр бүл нэмсэн явдал байлаа. Ээ дээ эргэх хорвоод хүмүүний биеийг олж мэндлэх гээч ямар гээч гайхалтай зүйл билээ дээ. Эхийн хэвлийд бүрэлдсэн ураг өнөөг хүртэл усан дотор амьдраад одоо ээжтэйгээ адилхан хөөрхөн охин энэ ертөнцөд ирчихээд уйлж хэвтээ дээ гэж төсөөлөөд л сууж байна. Хамт хажууд байдагсан бол тэврэхсэн, үнэрлэхсэн. Нялх багын энхрийхэн үнэр нь арилаагүй байхад нь очно доо удахгүй.

Уртхан амьсгаа аваад дуулмаар ч юм шиг сайхан л өдөр байна. Эсвэл уйлж гунигламаар ч юм шиг... За тэгээд...
Өнөөдөр нартад ирснээ зарлан нэгэн дуу хадлаа. Энэ бол Монгол улсын иргэн Мөнхбаатарынд ;)) охин мэндэлж биднийг бүгдийг нь баярлуулсан өдөр болж байна. Мөөгий, Бадам хоёртоо аз жаргал хүсч, өнөр өтгөн сайхан гэр бүл болохыг ерөөе!

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2009 оны 2-р сарын 15-ны өдөр Мөнхбаатарын охин Улаанбаатар хотын 1-р төрөхөд мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед 3,8 кг жинтэй, 51 см урттай байв. Хараахан нэр өгч амжаагүй байна. Хулгана жилтэй, хумхын орд.

ЖИЧ:
Манай шинэ хүнд аав ээж нь Урангоо хэмээх сайхан нэр хайрлаж чихэнд нь шивнэсэн байна. Аав ээжийн өгсөн нэрийг даан, аавдаа ачлалтай ээждээ энэрэлтэй сайн хүн болоорой гэж ерөөе!
Бичлэгийг 2-р сарын 24 нд буюу битүүнд шинэчлэв.

2009-02-01

Баярын мэнд хүргэе!

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ.
Сухомлинский.Н.И

Манайхан нээрээ бараг БАГШ гэдэг овог авсан ч болохоор хүмүүс шүү. Өнөөдөр сарын эхний өдөр багш нарын баяр тохиож байх юм. Би лав багш болоод 10 жил болчихож.
Ааяа, Адиа, Баабаа, Пүүжээ, Уумаа, Энхээ ах, Аниа, Сүрэн, Би... болсон уу? Одоо Тийс нэмэгдэх нь ээ???
Багшийн ажил буянтай сайхан ажил шүү гэж Ааяа дандаа хэлдэг юм. Би санал нийлдэг. Сайхан ажил.
За тэгээд энэ олон багш нартаа баярын мэнд хүргэж улам олон сайхан шавь нартай болоорой гэж хүсье!

2009-01-27

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1979 оны 1-р сарын 27-ны өдөр Даваагийн Пүрэвсүрэн Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Морь жилтэй, хумхын орд.

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1981 оны 1-р сарын 27-ны өдөр Намсрайн Мягмарсүрэн Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Мич жилтэй, хумхын орд

2009-01-26

Сэтгэлийн үг

Гагнаас нэрнээсээ эхлээд энэ блог таалагдаж байна. Энэ тухай өмнө нь сонсож байгаагүй болохоор жинхэнэ сюрприз байлаа... Анхлан санаачилж өдгөө сэтгэл догдлуулах ийм ажлыг эхлүүлсэн эгчдээ болон Мийгаадаа маш ихээр талархаж байгаагаа илэрхийлье. Сэтгэлээс урсан гарч, сэтгэлд шингэх тэр сайхан зүйлүүдийг өнөөдөр эвийн гагнаасаар урлан сэтгэлдээ, итгэлдээ, бас зүрхэндээ мөнхлөнө гэдэг гайхамшигтай. Цаг хугацаа хамаг сайхан бүхнийг сэтгэлээс булаан авч чадахгүй. Итгэлийн гал өрдөж, сэтгэлд дэм өгөх та нар минь дэргэд байгаа болохоор сайхан байна. ГАГНААС...
Хүндэтгэсэн: М.Гэрэлтуяа

2009-01-25

Гагнаас блог үүссэн нь

Мийгаа надад доорх захидлыг илгээснээс даруй 4 сарын дараа энэ блог мэндэлсэн болно.
...
Энэхүү нандин сайхан санаа бол УРГИЙН БИЧГИЙН ВЕБ-тэй болох. Заавал веб байх албагүй блог ч байсан яахав тээ? Тэгээд буурал аав, ээжээс эхлүүлээд зургийг нь тавиад нэрийг нь дор нь бичээд монтаж шиг хэлбэртэй байвал зүгээр. Мэдээж тэр хүний тухай бүх мэдээлэл, зургийг харж болохоор хийж болох байх. Интернетийн хязгааргүй орон зайг ашигласан их сайхан ургийн бичиг болох байх гэж бодож байна.

Буурал аав хөтөлж байгаад ээжид өгсөн улаан дэвтэр манайд байдаг юм. Гэхдээ тэр хүн бүрт цөөхөн хуудас оногдох ч юм уу, бүх зураг багтах боломжгүй гэх мэт талуудтай. Болдоод хэлсэн маш сайхан санаа байна гэж их баяртай дэмжсэн. Хэдүүлээ нийлж байгаад үүнийг 1 сайхан юм болгоё. Тэгээд манайхан л орж үздэг. Мөн шинэчлэл хийхийг нь одоогоор нэт төдийлөн ашиглаагүй байгаа хүмүүстээ заагаад өгчихвөл яваандаа нэг хүнд ачаалал их ирэхгүй, өөр өөрийнхөө гэрийн мэдээллийг оруулаад байна гэсэн үг. Тэгээд бас манай хамаатнууд дундах жилийн онцлох үйл явдал гээд булан байдаг ч юм уу, хамгийн хамгийн гэдэг ч юм уу тиймэрхүү булангуудтай. Жишээ нь хамгийн уйланхай нь Мийгаа байсан гэдэг ч юм уу хэхэ

Энэхүү санаанд маань 3 сайхан тал байна аа.

  1. 1. Хойч үеийнхэн маань хэн бэ гэдгээ хэзээ ч мартахгүй
  2. 2. Хойч үеийнхэн маань манайх шиг ийм гэр бүл, хамаатан садантайгаараа бахархах бахархалтай болно.
  3. 3. Хойч үе маань хамгийн хамгийнд бичүүлэх гэж тэмүүлэх, улмаар бидний мөрөөдлийг, хийж амжаагүй, чадаагүй зүйлийг хийх эрмэлзэлтэй болно.

Дүүгийнх нь одоогоор харж бодож байгаа зүйл бол энэ байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг олуулаа яриад сайхан аялгуутай, Монгол үндэсний зохих аятайхан хээтэй(ланзан юм уу түмэн наст ч юм уу) их сайхан веб эсвэл блогтой болъё.

Үнэндээ талийгаачаас хойш Дайдай та, талийгч бид 4ийн хөгжимд бичиж, дуулж байсан тэр кассет хаа байгаа бол гэж бодох боллоо. 2 тал болоод дуугаар байлдаж байна гээд Quit playing games with my heart гээд л... дуулж байсан нь санаанд орж байна. Талийгч Дуваа бид хоёрын чулуугаар байлдаж хөглөсөн, Дорж та хоёрын үд дунд үсэрч босоод золгодог гэх мэт хөгтэй явдлуудыг ярьсан бичлэг шүү дээ тэр бол. Дахин давтагдахгүй. Ямар нэг зүйлийг өнгөрсөн хойно нь их ч бай бага ч бай харамсахгүйн тулд одоо үлдсэн нас дээр гарсан хүмүүсийнхээ дуу хоолойг вебдээ оруулбал үнэлж баршгүй ховор нандин зүйл болж хойч үед маань очно шүү дээ. Жишээ нь бидэнд буурал ээжийн дуу хоолойг бичиж авсан юм нэг ч алга. Тэр үед айл бүр том, жижиг кассетны, СиДи-ний хөгжимтэй байсан хэр нь бид үүнийг ухаарч санаагүй.

Бор борын бялзуухай

Босон суугаад жиргэж байна

Болоо нь үгүй хүүхэн хутагт

Болзоо юундаа явлаа даа

гээд Шар чулуутын дэрсэнд байхад шүлэглэж уншиж өгч байсныг биднээс бүүр холдоод явчихаас нь өмнө, буурал ээжийг хотод ирчихсэн байхад нь хураагаад л авчихсан бол хэчнээн сайхан.

Дахиад олон олон харамслыг толгой дундуураа шаахгүйн тулд дүү нь ийм л юм хийе гэж бодлоо. Үнэндээ даанч веб яаж хийдгийг мэдэхгүй юм.

За түр захиагаа ингээд өндөрлөе дөө.

...

Үнэхээр гайхалтай сайхан захидал байсан учир үг үсэг өөрчлөлгүй, танаж хасалгүйгээр орууллаа. Ялангуяа Шар чулуутын дэрсэнд буурал ээжийн хэлсэн... гэсэн чинь нүдний өмнүүр бидний бага насны хэсэг үе урсан өнгөрч, хамар шархираад л ирсэн шүү.

2009-01-01

ҮНДЭС

Тийм ээ, бидний үндэс тэр л хүмүүсээс эхэлсэн. Хэдийгээр эндээс эхлээгүй ч бидний мэдэх хэсэг энэ юм. Харин өнөөдөр тэдэнд бас өөрсөддөө зориулан нэгэн бяцхан мод тарьж эхлэх гэж байна. Үндэс нь энэ болог. Бид боломжоороо баяжуулан ургуулсаар их олон салаа мөчиртэй, навч нахиа болсон их том мод болно гэж найдаж байна.
Яг барын гэр бүлийн мод шиг ;))

Эхэлж байгаа он бидэнд сайн сайхан олон зүйл авчраасай. Гэвч хамгийн гол нь бүгдээрээ эрүүл саруул байгаасай гэж хүсч байна.

Та бүхнийг хүндэтгэсэн
Шинэ Жалайр Чинбатын ДОЛГОРЖАВ

Чангша, Хунан, Хятад улс
XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн өвлийн дунд хөх хулгана сарын шинийн 5 буюу 2009 дүгээр оны 1 дүгээр сарын 1-ний өдөр үзэглэвэй.