2009-02-25

Сар шинийн мэнд дэвшүүлье!


Тэнгэрийн өнгөт цэнхэр хадгаа дэлгэн барьдаг Монгол ёс
Тэртээ холын ахан дүүстэйгээ уулзан золгодог Монгол ёс
Идээ будаагаа бялхаан билэгддэг Монгол ёс
Ихэс дээдсээ хүндлэн дээдэлдэг Монгол ёс

Хамгаас хайртай та бүхэндээ 17-р жарны Харшлагч хэмээх шороон ҮХЭР жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

2009-02-24

Цагаан сар

Шинэ жил гарах гэж байна. Одоо ердөө л 9 цаг 04 минут үлдсэн байна.
Өнгөрөн одож буй хулгана жил бидний дундаас нэгийг маань авч одоод бас нэг хүн шинээр илгээсэн, уйтгар гуниг, баяр хөөр дагуулсан жил байлаа.
Хүн болгон л шинэ он, шинэ жилийн босгон дээр өнгөрсөн жилийнхээ тухай цэгнэн боддог. Харин миний хувьд магадгүй олон янзын үйл явдал болсон ч гэсэн хуучран буй жилийг бодоход зөвхөн энэ бодогдож байна. Ингээд бодохоор хүмүүний амьдралд хүн гээч ямар их эрхэм нандин зүйл вэ гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдож, аав ээжийгээ, ах дүүсээ, амраг садангаа, үр хүүхдээ юунаас ч илүү хайрлах хайр урьд урьдныхаас илүүтэйгээр зүрхэнд минь төрж байна.

Нэгэн хэсэг амьдарсан хугацаагаа дүгнэн бодож, өөрийн амьдралыг цэгнэн амьдар гэж өвөг дээдэс маань шинэ жилийг утгах цагаан сар хэмээх баярыг зохиосон юм болов уу даа.

Та нартаа харшлалт хэмээх шороон үхэр жилийн сар шинийн мэнд хүргье!
Ирж буй шинэ жилдээ аз жаргал инээд хөөрөөр дүүрэн байж, бие биеэ хайрлах хайрын цэнхэр орчлонд омог бардам амьдарцгаагаарай гэж ерөөе!

2009-02-23

Тэмдэглэл

Би бага байсан даа тэгэхэд... 5-р ангид л байсан санагдаж байна. 4 ч билүү. Ангийнхнаа дагуулаад нэг өдөр буурал аавынхыг зорилоо. Би тэгэхэд бүлгийн дарга байсан бөгөөд бүлгийн ажлаараа өвөөгийнхөө байлдаж явсан тухай ангийнхандаа сонсгох, бас бага зэрэг бахархаж бардамнах гэж тэр л дээ. Тэр үед буурал аав, ээж 2 аймгийн төвийн урд дэрсэнд өвөлжөөндөө буучихсан байсан юм. 11-р сар байсан санагдаж байна. Бүлгийн ажлаар ийм зүйл хийж болох уу гэхэд Пионерийн ахлах удирдагч байсан Цэвгээ багш "Болно болно" гэж их л уриалгахан хүлээж авсансан.

Ингээд "явган аялал" эхэлсэн юм. Мэдээж бүгд биш ч нэлээн хэдэн хүүхэд л явсан юмдаг. 10 цагт цуглаад, нэг нэг төгрөг нийлүүлснээрээ дэлгүүрээс талх энэ тэрхэн олж аваад л алхаж гарсан даа. Мэдээж зугаатай өдрийг өнгөрөөж байгаа хүмүүс сайхан байлгүй яахав. Есөнбулагийн хорооны дундуур гараад, ус цэвэршүүлдэг бидний нэрлэдгээр Өмхий нуурын даланг даваад тэгсгээд л олуулаа юухан байх билээ дээ, шуугиж бужигнаад л орчихсон юмдаг.
Яг биднийг очих үед гэрээс зүүн урдхан нь байдаг жижигхэн толгой дээгүүр буурал ээж маань малаа туугаад гарч байсан юмдаг. Тэр өдөр ядаж байхад хонины ээлж таарч л дээ. Буурал ээж явган хонио туугаад, Харцага гэдэг байсан санагдаж байна, нэг сагсгар хар нохой хонины араас армаг тармаг цастай толгой руу гарч байсан нь одоо ч нүдэнд минь харагдаж байна.
Гэрт ортол буурал аав ганцаараа сууж байсансан. Тэгэхэд бие нь нэг л их сайнгүй байсан санагдаад байдаг юм. Сайн санахгүй байгаа ч тэр цаг хугацааг тоолбол нас барахынх нь өмнөх өвөл л байсан байх. 1988 оны 11 сар санагдах юм. Тэгэхээр би 4-р ангид байсан байх нь...
Ирсэн учраа хэлж, боов талхаа өгөөд бид сууцгаалаа. Зузаан ширмэн хайруулын тавганд барьсан талх зүсч тавиад, биднийг жаахан хүүхэд гэж гололгүй тойруулан суулгасан өвөө маань нэлээн зүйл ярихад бид амьсгаа даран чагнан суусансан. Би тэгэхэд их хурдан бас том хүн шиг бичдэг гэж ангийнхандаа үнэлэгддэг байсан болохоор, тэгээд ч ажил зохиож яваа "гол баатар" болохоор тэмдэглэл хийх гэж авч очсон 12 мөнгөний дэвтрийг дүүртэл улаан балаар сараачсан юмдаг. Харин тэр дэвтрийг хэчнээн эрээд ч дараа нь олоогүйдээ одоо болтол харамсдаг юм. Яаран сандран гүйцэд бичих гээд л том том сараачаад л байсан үсэгнүүд нь нүдэнд харагдаад хэд дахин хайсан ч олоогүй дээ.
Тэгэхэд буурал аав Жанчхүүгийн даваагаар даваад Хятад руу орсноо, тэнд хүмүүс ямар амьдарч байсан тухай, дайн гэж ямар аймшигтай зүйл байсан тухай... их л олныг ярьсан даа. Харин хамгийн тод үлдсэн нь "... Тэгэхэд Хятадад 3 жил хэлэн дээрээ мах тавиагүй хүн байсан шүү..." гэж ярихад нь бид бүгд тэр хүнийг юу ч идээгүй л юм байна гэж бодоод их гайхаж билээ. Гэтэл харин үнэн хэрэгтээ тэр бол дайны жилүүдэд будаанаас өөр гол зогоох юм олдохгүй байсан хүнд үеийг хэлсэн байж билээ.
Ингээд яриагаа дуусгасны дараа буурал аавынд хэдэн шуудай цас үүрч авчирч өгөх нэрээр цасан дээр тоглосоор байгаад цаг нэлээн аажуудсаныг анзаараагүй бид өдөр 1:30 цагийн хичээлд амжихгүй нь гэж яарцгаасан даа гэнэт. Харин биднийг гараад удаагүй байтал хажуу айлдаа ирсэн ачааны машиныг гуйгаад биднийг дайхаар буурал аав ярьчихсан араас дуудаж, ангийнхан маань тэнд дайгдаад, харин Сэржмядаг бид 2 уурлаж гомдож үлдэн замдаа Харзатын мөсөн дээр тоглоод тэр өдрийнхөө хичээлийг тасалчихсан юм. Уг нь тасалъя гээгүй л дээ. Мөс их гоё... Тэгээд мөсний талстаар тоглоод, дараа нь ангийнхандаа аваачиж өгнө гэж миний хувцсан дээр хэсгийг авч яваад, сүүлдээ ядраад даахгүй асгаад... Усны аж ахуй гэж байсны тэрүүгээр ороод л хойд толгой ортол алхаад харьж билээ. Анх удаа хичээлээ таслаад алхаж явахдаа зүрх түг түг гээд л, шууд хичээлдээ оччихмоор ч санагдаад, багшаас айгаад, цаг 4 болчихсон байсанд үнэмшиж чадахгүй бэргээд л... Маргааш нь самбарын өмнө гарч багшдаа донгодуулаад, ангийнхнаасаа ичээд...

ай хүүхэд нас минь... Одоо ч гэсэн нүдэнд ургаастай.

2009-02-22

Ш.Дуламжав

Манай буурал ээж Шарав овогтой Дуламжав үхэр жилтэй. Ах Ш.Насанцогт, дүү Ш.Төмөр нарын хамт ард Шаравын гэрт мэндэлсэн. Аав нь багад нь ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр ээж Баянгийн хамт одоогийн Говь-Алтай аймгийн төвөөс урагш Дөтийн даваа, түүнээс зүүн, баруун тийш Хантайширын нурууг дамнан амьдардаг байсан. Нагац ах нар нь Арын хүрээнд шавилан суудаг лам нар байгаад баригдаж хилсээр ял тулгагдан хэлмэгдсэн.
Д.Бадарчтай айл өрх тусгаарлан амьдарч байгаад 2002 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн.

Үргэлжлэл бий

2009-02-21

Д.Бадарч

Бидний буурал аав Дамба овогтой Бадарч нь Халх голын болон Хятадыг чөлөөлөх дайнд оролцож явсан ахмад дайчин хүн байсан билээ.
Тэрээр Шаравын Дуламжавтай гэр бүл болон 5 хүүхдийн эцэг эх болон сайхан амьдарч биднийг өсгөж хүмүүжүүлсэн билээ.
Үргэлжлэл бий

Сайн байцгаана уу? манайхаан! Өнөөдрөөс эхлэн би энд бичигчээр нэмэгдлээ. Миний бичсэн, оруулсан зүйлсийг идэвхитэй уншиж, зөвөлгөө өгч байгаарай.

2009-02-19

Төрсөн өдөр








(10 хоногийн дараа)
2006 оны 2-р сарын 19-ны өдөр Шинэ Жалайр Хүдэрчулууны Гүнбат Улаанбаатар хотын Багануур дүүргийн төрөхөд мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, хумхын орд.

2009-02-15

БАЯР ХҮРГЭЕ

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж, нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
Дашдоржийн Нацагдорж

Амьдрал аа гэж. Нээрээ л чөлөө завгүй гүйгээд л өдөр шөнийг умартан явах хооронд минь үй олон өөрчлөлт гарахын хамгийн том нь шинэ хүнээр бүл нэмсэн явдал байлаа. Ээ дээ эргэх хорвоод хүмүүний биеийг олж мэндлэх гээч ямар гээч гайхалтай зүйл билээ дээ. Эхийн хэвлийд бүрэлдсэн ураг өнөөг хүртэл усан дотор амьдраад одоо ээжтэйгээ адилхан хөөрхөн охин энэ ертөнцөд ирчихээд уйлж хэвтээ дээ гэж төсөөлөөд л сууж байна. Хамт хажууд байдагсан бол тэврэхсэн, үнэрлэхсэн. Нялх багын энхрийхэн үнэр нь арилаагүй байхад нь очно доо удахгүй.

Уртхан амьсгаа аваад дуулмаар ч юм шиг сайхан л өдөр байна. Эсвэл уйлж гунигламаар ч юм шиг... За тэгээд...
Өнөөдөр нартад ирснээ зарлан нэгэн дуу хадлаа. Энэ бол Монгол улсын иргэн Мөнхбаатарынд ;)) охин мэндэлж биднийг бүгдийг нь баярлуулсан өдөр болж байна. Мөөгий, Бадам хоёртоо аз жаргал хүсч, өнөр өтгөн сайхан гэр бүл болохыг ерөөе!

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2009 оны 2-р сарын 15-ны өдөр Мөнхбаатарын охин Улаанбаатар хотын 1-р төрөхөд мэндэлсэн. Бие эрүүл, охин. Төрөх үед 3,8 кг жинтэй, 51 см урттай байв. Хараахан нэр өгч амжаагүй байна. Хулгана жилтэй, хумхын орд.

ЖИЧ:
Манай шинэ хүнд аав ээж нь Урангоо хэмээх сайхан нэр хайрлаж чихэнд нь шивнэсэн байна. Аав ээжийн өгсөн нэрийг даан, аавдаа ачлалтай ээждээ энэрэлтэй сайн хүн болоорой гэж ерөөе!
Бичлэгийг 2-р сарын 24 нд буюу битүүнд шинэчлэв.

2009-02-01

Баярын мэнд хүргэе!

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ.
Сухомлинский.Н.И

Манайхан нээрээ бараг БАГШ гэдэг овог авсан ч болохоор хүмүүс шүү. Өнөөдөр сарын эхний өдөр багш нарын баяр тохиож байх юм. Би лав багш болоод 10 жил болчихож.
Ааяа, Адиа, Баабаа, Пүүжээ, Уумаа, Энхээ ах, Аниа, Сүрэн, Би... болсон уу? Одоо Тийс нэмэгдэх нь ээ???
Багшийн ажил буянтай сайхан ажил шүү гэж Ааяа дандаа хэлдэг юм. Би санал нийлдэг. Сайхан ажил.
За тэгээд энэ олон багш нартаа баярын мэнд хүргэж улам олон сайхан шавь нартай болоорой гэж хүсье!