2011-07-17

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2006 оны 7-р сарын 17-ны өдөр Сайнсүрэнгийн Жавхлантөгс Улаанбаатар хотын Эх нялхсын эрүүл мэндийн төвд төрсөн. Бие эрүүл, хүү. Төрөх үед 2,3 кг жинтэй, 45 см урттай байв. Нохой жилтэй, ихрийн орд
(ихэр төрсөн)

2011-07-08

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2006 оны 7-р сарын 8-ны өдөр Пүрэвжавын Төрбаясах Улаанбаатар хотын Эх нялхсын эрүүл мэндийн төвд мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, арслангийн орд

2011-06-18

Нутгаа санаж байна, би

Хүний биеийг олж унасан газар, орчлонгийн тэртээх зайд бойжсон миний мэлмийд анхлан тунарсан эх нутаг минь болохоор, анх таны гоо сайхан байгалиар орчлонг би төсөөлж, хүний амьдралын өнгө бүгдийг хэмжсэн болохоороо би энэ хол газраас өндөр байшин, өргөн дэлгэр соёл, цардмал зам, цагаан шугамууд, гэрлэн дохио биш аргал бууц, хашаа хороотой хөдөөний тэртээх буйдхан бас дулаахан оршил газраа үгүйлдэг юм байна. Сэржигнэсэн цэнхэр салхи нь тачирхан өвсний толгойг бөхөлзүүлж, хавар эртийн яргуй тэр талыг чимсэн, ангирын цуваа, ганганаантай зуныг далласан уудам дэлгэр нутаг минь...
Баян хангай дэлхий минь гэж сүүнийхээ дээжийг өргөсөн буурал ижий минь… гандуудуу болж өнгө нь хувирсан орос маягийн шляпан малгайндаа цэцэг хатгасаар хонины ээлжнээсээ буурал аавыгаа ирэхээр нь буурал аав цэцгээр өөрийгөө гоёж байгаа юм байх даа гэж тэрүүхэндээ л би дотроо шоолдог байж билээ. Байгаль дэлхийн баян сан, ариун онгоныг балчир гэлтгүй бидэндээ таниулах гэж хичээнгүйлэн эрэлхийлдэг байсан миний буурал аав.
Багадаа би баяр хурдан болоосой, буурал аав одон медалаа зүүхийг нь харахсан гэж хүлээдэг байж билээ. Өвөр дээр нь суугаад энэ ямар нь вэ? Аа тэгвэл энэ нь... гээд л нэрлүүлээд байдагсан. Урт гонзгой мөртлөө өнгө өнгийн хөндлөн зураастай медаль нь нь нүдэнд их тусна. Орос медаль ийм байдаг юм аа миний охин гээд буурал аав духан дээр минь үнсэж байж билээ.
Эрүүн дээрээ шөрөвгөр хэдэн уртдуу сахалтай... буурал аав та наад сахлаа хөдөлгө дөө гээд л, хөдлөхөөр нь инээгээд буурал аавынхаа өвөр дээр сууж байсан хоёр үеэлийн нэг нь одоо буурал аавтай минь хамтдаа байна. Өвөр дээр нь суух өвөөгүй, өөдөөс минь хараад инээдэг үеэл цөөрчихсөн байх юм. Аргын тооллын жил нэгтэй болохоор нь би ах гэхгүй чи л гэж дуудаж, чамтай таардаггүйгээрээ дуудуулж өссөн тэр хүүхэд нас, тэртээд одсон чамайгаа бас бусдыг үгүйлж байна, хачин ихээр санаж байна.

Үнэхээр дагаад нисчихмээр ангирын дуутай цэнхэрхэн хавар минь...

Буурал аав, ээжийн гэрийн хойморт Дорж бид 2 унтана, толгойн тушаа байрлах авдар дээр араажаваар “Таван эгшиг” гэдэг нэвтрүүлгийн оршил болж “... энгэрийн яргуй цасан дороос нүдлэхэд... наран наадаж цаг наашилна аа...” гээд л эмэгтэй хүн дуулах дуугаар бид 2 сэрэхэд буурал ээж цай самраад л галын өмнө сууж байдагсан. Хөөрүүлсэн сүүнээсээ өрөм загсаахаас өмнө гээд 2 аяганд ээдэм хийгээд жижиг шар ширээн дээрээ тавьчихсан байдаг бас. Хичээл нь хамгийн түрүүнд тарж, аймгийн төвөөс буурал аав, ээж хоёрт нэмэлт хүч болж ирсэн 2 баатар босоод ирэхэд буурал аав аль хэдийнээ хониндоо морио унаад явчихсан, буурал ээж гадуурх дотуурхийг эмхэлчихсэн, бид хоёрт зөвхөн ор хураах, аяга халбагаа угаах, гэр доторх ширдэг гудсаа гөвж цэвэрлэх, хашаа хорооны аргал хоргол түүх, ишиг хургаа хариулж харзнаж байх зэрэг ажил л үлдсэн байдаг байсан. Гэрээ баруун зүүнээр нь хувааж аваад цэвэрлэнэ, заримдаа хэрэлдэнэ... Чи муу цэвэрлэж байна, намайг хараач! Аймагт манайх гэрээ ингэж цэвэрлэдэг, манай ээж ингэвэл илүү сайн цэвэрхэн болдог гэсэн, танай ээж тэгж хэлээгүй юм уу чамд гээд л...
Нэг удаа лав л Дорж ханиадтай байсан юм, нээх хүнд биш, ганц хоёр цор цор л гэж байсан юм уг нь. Би аяга угаах ажлыг өөрөө санаачлагаараа хийнэ гэж аваад зөрүүд гөжүүд юм болохоороо Доржийн аягыг ганцааранг нь угаалгүй үлдээчихэж байгаан. Тэгсэн
Дорж: Чи яагаад миний аягыг угаахгүй байгаа юм бэ?
Би: Чи ханиадтай, бидэнд халдчихна!
Дорж: Би наад саванд чинь хамгийн сүүлд нь бүх аяганы дараа өөрөө угаачихаад тэгээд усыг нь шууд л асгачихъя л даа?
Би: Энэ савны хананд нь чиний микроб наалдчихвал бид нар яахийн?
(үнэн зөрүүд гүргэр гэж би нээрээ... үгүй л гэсэн бол үгүй гэсэн зарчимтай дайраад л байгаан) Тэгж хэлээд би аяга угаасан устай саваа зуухан дээрээс аваад хажуу ташаандаа наачихаж байгаан. Намайг дийлээгүй Дорж аягаа бариад гарч яваад хойд толгой дээр юм дурандаад сууж байсан буурал ээж дээр очоод “Энэ Мийгаа миний аягыг энэ саванд угаалгахгүй байна. Угаачихаад л усыг нь асгачихъя гэхээр үгүй гээд байна” гэж хов зөөхөд нь араас нь гарсан би “Чи энэ гар угаадаг шар заанаас ус балгаж байгаад л угаачихаач дээ” гэж хашгираад л... Доржийгоо би зовоодог байж дээ. Тэгсэн хэрнээ л хаа явсан газраа Дорж хааччихав гээд л... сонин хүүхэд байж дээ би.

Орой болохоор бүх ажлаа дууссан хойно буурал аав ээж 2 маань лаа бариад тэгээд бид хоёрт балын харандаа цаас өгөөд энийг зураадах гээд халбага, аяга, хутга, сэрээ өмнө маань тавьчихдаг байсансан, Дорж дандаа л надаас илүү гоё зурдаг. Энэ нь илүү юм гээч гээд л Дорж магтуулж, оройн хичээл дуусч орондоо орцгоогоод “Үлгэрийн цаг” болохоор хачин гоё гоё үлгэрүүд сонсоод “Маш сайн магадлан сураад Маргаашийн үлгэрээ сонсоорой” гэж нэг эмэгтэй нэвтрүүлэгч хэлснээр тухайн өдөр өндөрлөж, эргээд л өглөө “Таван эгшиг” нэвтрүүлгийн дуугаар сэрдэгсэн...
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг ч болоосой

6/10/2011 11:23pm Alameda, USA

2011-05-29

WELCOME HOME!


Сайн байцгаана уу
Сайхан Монгол бүсгүйчүүд минь
Сааршгүй сэтгэлийн Хонгорхон бүлүүд минь
Сар жилийн уртад
Сайн муугийн мэндгүй ч
Санааны минь угт
Үргэлж хүүхдээрээ
Үе үесхэн инээдтэйгээ
Байж л байдаг шүү та нар минь 

Цаг хугацаа урсан, холын холд одох нь бүр илүү хурдасч байх шиг санагдах юм. Хэрхэн хурдлан давхиж байгааг нь харж тоолж суух завтай болоод тэр үү, эсхүл бүр анзаарах сөгөөгүй нэг л мэдэхэд урагшлан одсоныг нь мэдэрдэг болоод тэр үү? Юутай ч олон олон өдөр сарыг чимээгүй нам гүм л өнгөрөөж сууна. Та бүхнээсээ хүлцэл эрье. Гэхдээ гэм хийчихсэн мэт сэтгэл минь үе үе энэндээ өвддөг шүү. За яахав, эрүүл саруул тал талдаа байж байтал болох биз дээ гэдэг бодолд л найдаад гэх үү дээ... Хааяадаа бидний бага нас гэдэг тэр АЛТАН ЦАГ мөчүүдийг дурсаж, ганцаараа ч хамаагүй инээж, эсвэл нулимс дуслуулан байдаг энэ мэдрэмж хаа сайгүй, та нарт маань ч бас л байгаа даа гэж бодож сууна.

Өнөөдөр нэгэн сайхан аз жаргалтай хормуудын тухай дурдах гэсэн юм.

Энд ирснээс хойш аз жаргалыг дахиад амталсан шүү. Яаж гэж үү?
Дайдай ирээд... Жилийн өмнө, жилээс ч илүү хугацааны өмнө л дөө үнэндээ.
Бид 2 хамт яг 6 хоногийг өнгөрөөсөн. Гэхдээ яаж өнгөрөөсөнд л хамаг учир нь байгаа юм аа. Зүгээр л инээж өнгөрөөсөн юм. Багадаа яаж инээлддэг байснаа бид хааяа дурсах дуртай байдаг даа? Яг тэрэн шиг л өдрүүд ар араасаа цувраад яах ийхийн зуургүй харван одсон. Удаан хол байсан тэр инээд гэдэг чинь харин цаанаасаа л ундраад байсан шүү. Гайхалтай, гайхамшигтай аз жаргал.
Араас нь Мөөгий ирж 2 хоноод тэр хоёрын урагшлах дараагийн аянд үдэж өгөөд галт тэрэгний буудлаас ирэхдээ ганцаараа үлдэх ямар байдгийг анх удаагаа мэдэрсэнсэн. Ёстой ялаа нисэхэд сонсдом ганцаардал тэгэхэд өрөөнд маань эзэгнэнхэн байсан даа. Байнга л орхиод оддог ээжийгээ ганцаараа үлдэхдээ ямаршуу мэдрэмж авдагийг яс махандаа шингэтэл ойлгож билээ тэгэхэд. Ээж болохоороо ээжийгээ ойлгодог гэдэг тийм л утгатай үг байх даа. Би бол ганцааранг нь орхих аймшигтай гэдгийг л мэдэрсэн.

За тэгээд Дайдай минь гэртээ ирлээ. Олон удаа ээжийгээ орхихгүй байгаасай гэж хүсээд ГЭРТЭЭ ТАВТАЙ МОРИЛ! гэж хэлье дээ.
Ханиа, хайрт ээжийгээ, хонгор үрсээ баярлуулан сайхан амраарай! Хайртай шүү.

Гэртээ харихын жаргалыг удахгүй эдлээрэй гэж Мийгаадаа хүсье! Чамайг ямар их донсолж, дэнсэлж суугааг ойлгож байна аа. Яахав, удаан санахын жаргалыг амтлах өдөр хоног ойртож л байгааг санаарай. Үнсье! Хайртай шүү.

Жич: Захидлыг Дайдайг Монголд газардах үед бичээд бэлэн болгосон байсан ч миний интернэт нэлээн асуудалтай байгаа болохоор одоо л та нар луу нисэж байна. Дайдай ч одоо цагийн зөрүүнээс болоод нойрмог байж магад... хэхэ, Гоё юм аа, төсөөлсөн чинь. Одоо ч гэхдээ 7 хоночихлоо, нэлээн зүгширсэн байх аа. За тээр,  харж байна уу? Тэр хариад аль хэдийн 7 хоночихсон байна ш дээ... Үгүй мөн хурдан аа...   

Та нартаа бүгдэд нь хайртай шүү.

Хүндэтгэсэн
Док нь

2011-05-22

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
2001 оны 5-р сарын 22-ны өдөр Чинбаатарын Мягмарцэрэн Улаанбаатар хотын 1-р төрөхөд  төрсөн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Могой жилтэй, үхрийн орд

2011-05-14

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1983 оны 5-р сарын 14-ний өдөр Энхтүвшингийн Бямбасүрэн Говь-Алтай аймгийн Алтай хотодтөрсөн. Бие эрүүл, охин. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. Нохой жилтэй, үхрийн орд

2011-04-03

Төрсөн өдөр

(холбогдох зураг)
1984 оны 4-р сарын 3-ны өдөр Энхтүвшингийн Түвшинжаргал Говь-Алтай аймгийн Алтай хотод мэндэлсэн. Бие эрүүл, хүү. Төрөх үед ... кг жинтэй, ... см урттай байв. ... жилтэй, ... орд