2011-11-05

Санахуй...

Хүний амьдрал гэж нээрээ богинохон, амархан гэж...
Нэгдүгээр ангид орж аав, ээжээрээ хөтлүүлэн хичээлд явдаг байсан цаг саяхан мэт. 2-р цэцэрлэгийн хашаанд тоглож байхдаа гүүрээр гараад л сургуульдаа явж байгаа хүүхдүүдийг хараад (одоо ч нүдэнд минь харагдаж байна), хурдхан сургуульд орж тэдэн шиг явахсан гэсэн хүслээ биелүүлсэндээ бөөн баяр. Нас хүрээгүй хүүхдийг хасна, харьяалалгүй хүүхдийг харьяа сургууль руу нь явуулна гээд л үе үе хүмүүс ирж айлгадаг байж билээ нэгдүгээр ангид байхад. Заримдаа ч бараг ширээн доогуураа орох шахна. 
Уумаад минь А үсэг заасан багшийн шавь болсон тэр намар их л алс мэт. Бага боловсрол хүний амьдралд үнэхээр чухал шүү. Суурийг минь их сайн тавьж өгсөн Алтангэрэл багшдаа одоо болтол баярладаг юм.
Тэгж байтал Цагаан толгойн баяр болов оо. 1-р анги даасан багш нарын хувьд өмнө 3-р анги төгсгөсөн ангийнх нь сурагчид, бидний хувьд бол 4-р ангийн том ах эгч нар ирж ном болоод л... бид 35 үсэг болоод, хүүхэд бүр оногдсон үсэгтэй, ном болсон бол номынхоо нүүрийг зурсан цаасан малгай өмсөөд, тэр тухайгаа шүлэг хэлж, дуу дуулж аав, ээжүүддээ сурсан мэдсэнээ харуулдаг баяр. Одоо Үсэглэлийн баяр гээд хийдэг л гэсэн, очиж үнэхээр үзээгүй. 
Харин багш маань намайг “Унших бичиг”-ийн ном болгов оо. Ямар их баяртай байсан гээч. Филиппо, Хөхөөний үлгэр гээд л хамгийн хөөрхөн унших зүйлтэй ном нь байсан болоод тэр байх. Одоо санахад сансрын нисэгчийн хувцастай 2 хүүхдийн зурагтай, УНШИХ БИЧИГ 1-3 гэсэн хөх хавтастай ном байсансан. Филиппо өгүүллэгийг унших их дуртай байж билээ. Минутын уншлага хийлгэнэ тэр номноос. Болж өгвөл 100 гаргаж үг тоолуулах гээд л бид их хичээдэг байсансан. Ер нь намайг ном унших амтанд оруулсан ном бол энэ байсан гэхэд болно доо. 
Тэр өдөр миний малгайн зургийг харсан хүмүүс Хүүе, чи чинь номныхоо хавтсыг ураад наачихаа юу? гэж үнэхээр гайхаж, үнэнийг хэлэхэд нүд нь орой дээрээ гарах гэдэг л болцгоож байсныг тод санаж байна. Гэвч үгүй юм аа. Даадай маань үнэхээр гарын уртай хүн байж дээ. Сийлнэ, зурна, будна.  Байгууллагын самбар, чимэглэл, сийлбэртэй гэр, гэрийн тавилга, мод цоохорлох гээд хийхгүй зүйл үгүй. Түүний тэр уран гар номын хавтсыг малгайны цаасан дээр хүмүүсийг гайхширтал тэгж амилуулсан хэрэг. Одоогийнхоор бол өнгөт канон л гэсэн үг. Үнэхээр гайхамшигтай. Хадгалж үлдээгүй нь харамсалтай юм. Маргааш баяр болно  гэх орой нь нойтон будагтай малгайгаа аваад их л сэтгэл хангалуун байсансан. Ямар их сэтгэл ханамж авч хийдэг байсан бол? Төсөөлсөн чинь... хийж байгаа зүйлээ хараад л, бодоод л, өөр юу ч бодохгүй л хийдэг байсан байх даа.
Сүүлд миний мэдэхээс талийгаач буурал аавын хөргийг бас зурсан санагдаж байна. Бас л яг зурчихсан.
Одоо тэр гар алга аа. Цагийн аяс, хүний хорвоогийн эрхээр мөнх бусыг үзүүлээд...
Тэнгэрийн оронд амирлан жаргах болтугай. Уран гартайгаа үр хүүхэддээ эргэж ирэх болтугай.


Улаанбаатар, Ачтан эмнэлэгт

No comments:

Post a Comment