2011-06-18

Нутгаа санаж байна, би

Хүний биеийг олж унасан газар, орчлонгийн тэртээх зайд бойжсон миний мэлмийд анхлан тунарсан эх нутаг минь болохоор, анх таны гоо сайхан байгалиар орчлонг би төсөөлж, хүний амьдралын өнгө бүгдийг хэмжсэн болохоороо би энэ хол газраас өндөр байшин, өргөн дэлгэр соёл, цардмал зам, цагаан шугамууд, гэрлэн дохио биш аргал бууц, хашаа хороотой хөдөөний тэртээх буйдхан бас дулаахан оршил газраа үгүйлдэг юм байна. Сэржигнэсэн цэнхэр салхи нь тачирхан өвсний толгойг бөхөлзүүлж, хавар эртийн яргуй тэр талыг чимсэн, ангирын цуваа, ганганаантай зуныг далласан уудам дэлгэр нутаг минь...
Баян хангай дэлхий минь гэж сүүнийхээ дээжийг өргөсөн буурал ижий минь… гандуудуу болж өнгө нь хувирсан орос маягийн шляпан малгайндаа цэцэг хатгасаар хонины ээлжнээсээ буурал аавыгаа ирэхээр нь буурал аав цэцгээр өөрийгөө гоёж байгаа юм байх даа гэж тэрүүхэндээ л би дотроо шоолдог байж билээ. Байгаль дэлхийн баян сан, ариун онгоныг балчир гэлтгүй бидэндээ таниулах гэж хичээнгүйлэн эрэлхийлдэг байсан миний буурал аав.
Багадаа би баяр хурдан болоосой, буурал аав одон медалаа зүүхийг нь харахсан гэж хүлээдэг байж билээ. Өвөр дээр нь суугаад энэ ямар нь вэ? Аа тэгвэл энэ нь... гээд л нэрлүүлээд байдагсан. Урт гонзгой мөртлөө өнгө өнгийн хөндлөн зураастай медаль нь нь нүдэнд их тусна. Орос медаль ийм байдаг юм аа миний охин гээд буурал аав духан дээр минь үнсэж байж билээ.
Эрүүн дээрээ шөрөвгөр хэдэн уртдуу сахалтай... буурал аав та наад сахлаа хөдөлгө дөө гээд л, хөдлөхөөр нь инээгээд буурал аавынхаа өвөр дээр сууж байсан хоёр үеэлийн нэг нь одоо буурал аавтай минь хамтдаа байна. Өвөр дээр нь суух өвөөгүй, өөдөөс минь хараад инээдэг үеэл цөөрчихсөн байх юм. Аргын тооллын жил нэгтэй болохоор нь би ах гэхгүй чи л гэж дуудаж, чамтай таардаггүйгээрээ дуудуулж өссөн тэр хүүхэд нас, тэртээд одсон чамайгаа бас бусдыг үгүйлж байна, хачин ихээр санаж байна.

Үнэхээр дагаад нисчихмээр ангирын дуутай цэнхэрхэн хавар минь...

Буурал аав, ээжийн гэрийн хойморт Дорж бид 2 унтана, толгойн тушаа байрлах авдар дээр араажаваар “Таван эгшиг” гэдэг нэвтрүүлгийн оршил болж “... энгэрийн яргуй цасан дороос нүдлэхэд... наран наадаж цаг наашилна аа...” гээд л эмэгтэй хүн дуулах дуугаар бид 2 сэрэхэд буурал ээж цай самраад л галын өмнө сууж байдагсан. Хөөрүүлсэн сүүнээсээ өрөм загсаахаас өмнө гээд 2 аяганд ээдэм хийгээд жижиг шар ширээн дээрээ тавьчихсан байдаг бас. Хичээл нь хамгийн түрүүнд тарж, аймгийн төвөөс буурал аав, ээж хоёрт нэмэлт хүч болж ирсэн 2 баатар босоод ирэхэд буурал аав аль хэдийнээ хониндоо морио унаад явчихсан, буурал ээж гадуурх дотуурхийг эмхэлчихсэн, бид хоёрт зөвхөн ор хураах, аяга халбагаа угаах, гэр доторх ширдэг гудсаа гөвж цэвэрлэх, хашаа хорооны аргал хоргол түүх, ишиг хургаа хариулж харзнаж байх зэрэг ажил л үлдсэн байдаг байсан. Гэрээ баруун зүүнээр нь хувааж аваад цэвэрлэнэ, заримдаа хэрэлдэнэ... Чи муу цэвэрлэж байна, намайг хараач! Аймагт манайх гэрээ ингэж цэвэрлэдэг, манай ээж ингэвэл илүү сайн цэвэрхэн болдог гэсэн, танай ээж тэгж хэлээгүй юм уу чамд гээд л...
Нэг удаа лав л Дорж ханиадтай байсан юм, нээх хүнд биш, ганц хоёр цор цор л гэж байсан юм уг нь. Би аяга угаах ажлыг өөрөө санаачлагаараа хийнэ гэж аваад зөрүүд гөжүүд юм болохоороо Доржийн аягыг ганцааранг нь угаалгүй үлдээчихэж байгаан. Тэгсэн
Дорж: Чи яагаад миний аягыг угаахгүй байгаа юм бэ?
Би: Чи ханиадтай, бидэнд халдчихна!
Дорж: Би наад саванд чинь хамгийн сүүлд нь бүх аяганы дараа өөрөө угаачихаад тэгээд усыг нь шууд л асгачихъя л даа?
Би: Энэ савны хананд нь чиний микроб наалдчихвал бид нар яахийн?
(үнэн зөрүүд гүргэр гэж би нээрээ... үгүй л гэсэн бол үгүй гэсэн зарчимтай дайраад л байгаан) Тэгж хэлээд би аяга угаасан устай саваа зуухан дээрээс аваад хажуу ташаандаа наачихаж байгаан. Намайг дийлээгүй Дорж аягаа бариад гарч яваад хойд толгой дээр юм дурандаад сууж байсан буурал ээж дээр очоод “Энэ Мийгаа миний аягыг энэ саванд угаалгахгүй байна. Угаачихаад л усыг нь асгачихъя гэхээр үгүй гээд байна” гэж хов зөөхөд нь араас нь гарсан би “Чи энэ гар угаадаг шар заанаас ус балгаж байгаад л угаачихаач дээ” гэж хашгираад л... Доржийгоо би зовоодог байж дээ. Тэгсэн хэрнээ л хаа явсан газраа Дорж хааччихав гээд л... сонин хүүхэд байж дээ би.

Орой болохоор бүх ажлаа дууссан хойно буурал аав ээж 2 маань лаа бариад тэгээд бид хоёрт балын харандаа цаас өгөөд энийг зураадах гээд халбага, аяга, хутга, сэрээ өмнө маань тавьчихдаг байсансан, Дорж дандаа л надаас илүү гоё зурдаг. Энэ нь илүү юм гээч гээд л Дорж магтуулж, оройн хичээл дуусч орондоо орцгоогоод “Үлгэрийн цаг” болохоор хачин гоё гоё үлгэрүүд сонсоод “Маш сайн магадлан сураад Маргаашийн үлгэрээ сонсоорой” гэж нэг эмэгтэй нэвтрүүлэгч хэлснээр тухайн өдөр өндөрлөж, эргээд л өглөө “Таван эгшиг” нэвтрүүлгийн дуугаар сэрдэгсэн...
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг ч болоосой

6/10/2011 11:23pm Alameda, USA

1 comment:

  1. Нулимс, инээдээр хачирлан байж уншсан чиний сайхан захидлыг энд оруулаад ирлээ. Гайхамшигтай юм аа... Амьдрал яагаад ийм юм бэ? Хэтэрхий баян атлаа хэтэрхий давчуу..

    ReplyDelete