2009-02-23

Тэмдэглэл

Би бага байсан даа тэгэхэд... 5-р ангид л байсан санагдаж байна. 4 ч билүү. Ангийнхнаа дагуулаад нэг өдөр буурал аавынхыг зорилоо. Би тэгэхэд бүлгийн дарга байсан бөгөөд бүлгийн ажлаараа өвөөгийнхөө байлдаж явсан тухай ангийнхандаа сонсгох, бас бага зэрэг бахархаж бардамнах гэж тэр л дээ. Тэр үед буурал аав, ээж 2 аймгийн төвийн урд дэрсэнд өвөлжөөндөө буучихсан байсан юм. 11-р сар байсан санагдаж байна. Бүлгийн ажлаар ийм зүйл хийж болох уу гэхэд Пионерийн ахлах удирдагч байсан Цэвгээ багш "Болно болно" гэж их л уриалгахан хүлээж авсансан.

Ингээд "явган аялал" эхэлсэн юм. Мэдээж бүгд биш ч нэлээн хэдэн хүүхэд л явсан юмдаг. 10 цагт цуглаад, нэг нэг төгрөг нийлүүлснээрээ дэлгүүрээс талх энэ тэрхэн олж аваад л алхаж гарсан даа. Мэдээж зугаатай өдрийг өнгөрөөж байгаа хүмүүс сайхан байлгүй яахав. Есөнбулагийн хорооны дундуур гараад, ус цэвэршүүлдэг бидний нэрлэдгээр Өмхий нуурын даланг даваад тэгсгээд л олуулаа юухан байх билээ дээ, шуугиж бужигнаад л орчихсон юмдаг.
Яг биднийг очих үед гэрээс зүүн урдхан нь байдаг жижигхэн толгой дээгүүр буурал ээж маань малаа туугаад гарч байсан юмдаг. Тэр өдөр ядаж байхад хонины ээлж таарч л дээ. Буурал ээж явган хонио туугаад, Харцага гэдэг байсан санагдаж байна, нэг сагсгар хар нохой хонины араас армаг тармаг цастай толгой руу гарч байсан нь одоо ч нүдэнд минь харагдаж байна.
Гэрт ортол буурал аав ганцаараа сууж байсансан. Тэгэхэд бие нь нэг л их сайнгүй байсан санагдаад байдаг юм. Сайн санахгүй байгаа ч тэр цаг хугацааг тоолбол нас барахынх нь өмнөх өвөл л байсан байх. 1988 оны 11 сар санагдах юм. Тэгэхээр би 4-р ангид байсан байх нь...
Ирсэн учраа хэлж, боов талхаа өгөөд бид сууцгаалаа. Зузаан ширмэн хайруулын тавганд барьсан талх зүсч тавиад, биднийг жаахан хүүхэд гэж гололгүй тойруулан суулгасан өвөө маань нэлээн зүйл ярихад бид амьсгаа даран чагнан суусансан. Би тэгэхэд их хурдан бас том хүн шиг бичдэг гэж ангийнхандаа үнэлэгддэг байсан болохоор, тэгээд ч ажил зохиож яваа "гол баатар" болохоор тэмдэглэл хийх гэж авч очсон 12 мөнгөний дэвтрийг дүүртэл улаан балаар сараачсан юмдаг. Харин тэр дэвтрийг хэчнээн эрээд ч дараа нь олоогүйдээ одоо болтол харамсдаг юм. Яаран сандран гүйцэд бичих гээд л том том сараачаад л байсан үсэгнүүд нь нүдэнд харагдаад хэд дахин хайсан ч олоогүй дээ.
Тэгэхэд буурал аав Жанчхүүгийн даваагаар даваад Хятад руу орсноо, тэнд хүмүүс ямар амьдарч байсан тухай, дайн гэж ямар аймшигтай зүйл байсан тухай... их л олныг ярьсан даа. Харин хамгийн тод үлдсэн нь "... Тэгэхэд Хятадад 3 жил хэлэн дээрээ мах тавиагүй хүн байсан шүү..." гэж ярихад нь бид бүгд тэр хүнийг юу ч идээгүй л юм байна гэж бодоод их гайхаж билээ. Гэтэл харин үнэн хэрэгтээ тэр бол дайны жилүүдэд будаанаас өөр гол зогоох юм олдохгүй байсан хүнд үеийг хэлсэн байж билээ.
Ингээд яриагаа дуусгасны дараа буурал аавынд хэдэн шуудай цас үүрч авчирч өгөх нэрээр цасан дээр тоглосоор байгаад цаг нэлээн аажуудсаныг анзаараагүй бид өдөр 1:30 цагийн хичээлд амжихгүй нь гэж яарцгаасан даа гэнэт. Харин биднийг гараад удаагүй байтал хажуу айлдаа ирсэн ачааны машиныг гуйгаад биднийг дайхаар буурал аав ярьчихсан араас дуудаж, ангийнхан маань тэнд дайгдаад, харин Сэржмядаг бид 2 уурлаж гомдож үлдэн замдаа Харзатын мөсөн дээр тоглоод тэр өдрийнхөө хичээлийг тасалчихсан юм. Уг нь тасалъя гээгүй л дээ. Мөс их гоё... Тэгээд мөсний талстаар тоглоод, дараа нь ангийнхандаа аваачиж өгнө гэж миний хувцсан дээр хэсгийг авч яваад, сүүлдээ ядраад даахгүй асгаад... Усны аж ахуй гэж байсны тэрүүгээр ороод л хойд толгой ортол алхаад харьж билээ. Анх удаа хичээлээ таслаад алхаж явахдаа зүрх түг түг гээд л, шууд хичээлдээ оччихмоор ч санагдаад, багшаас айгаад, цаг 4 болчихсон байсанд үнэмшиж чадахгүй бэргээд л... Маргааш нь самбарын өмнө гарч багшдаа донгодуулаад, ангийнхнаасаа ичээд...

ай хүүхэд нас минь... Одоо ч гэсэн нүдэнд ургаастай.

3 comments:

  1. Үнэхээр сайхан дурсамж шүү. Бидний дундаас та л буурал аавыг амьд сэрүүн ахуйд нь ийм сайхан дурсамжит уулзалт хийжээ. Догоодоо баярлалаа.

    ReplyDelete
  2. Шимтэн уншлаа энэ сайхан дурсамжийг. Би яагаад ийм сайхан зүйлийг яриулаагүй юм бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо шүү.
    Тэгээд бодсон чинь надад ийм боломж байгаагүй юм байна. Та санаж байвал буурал аавын ярьсныг бичиж өгөөрэй бидэнд.
    Баярлалаа.

    ReplyDelete
  3. Жанчхүүгийн даваа гэдэг газар нь одоо Бээжин рүү газраар явж байхад тааралддаг, Бээжингээс наахна, 200-аад км-ийн л зайтай байдаг, хятад нэр нь 张家口 - Жанг Жиа Коу хот шиг байгаа юм. Тэгээд тэр нь сунжраад Жанчхүү болсон байх гэж таасан. Хэрэв тэр мөн бол маш хол газрыг ирэх, очих 2 талдаа мориор туулсан гэсэн үг. Тэр хотын наад талд нь Монголын нэг жанжинд зориулсан хөшөө байдаг юм байна лээ, хэнд гэдгийг нь мартаж.

    ReplyDelete